www.Ulaalzaa2.tk

Төрд эргэлт Ард түмэнд мэдээлэл хэрэгтэй

Түлэнхийн эмнэлэг таазнаасаа нурж эхэлжээ

2012-02-29 14:51

Түлэнхийн эмнэлэг таазнаасаа нурж эхэлжээ

Монгол Улсад цор ганц байдаг нэг эмнэлэг бий. Тэр бол олны нэрлэж заншсанаар “Хуучин гэмтэл” буюу Түлэнхийн төв эм­нэлэг. Гэтэл тус эмнэлгийн барилгын ашиг­лал­тын ху­га­цаа дууссаны улмаас мөдхөн ну­рахад бэлэн болжээ. Бүр зарим тасгийн дээд тааз нь нурж, хана нь цуурснаас болж өвч­төнүүдээ өөр өрөө рүү шилжүүлээд байна. Эмнэлгийн ал­бан ёсны нэр нь “О.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхий эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэг” хэмээдэг. Эрүүл мэндийн яамнаас “Талбай дээр нь шинэ байр барьж өгнө. Барилгын зураг төсөл, төсөв мөнгийг нь шийдчихсэн. Барилга нь баригдах хүртэл эмнэл­гийн ажилтан, өвчтөнүүдийг өөр газар нүүлгэн шилжүүлнэ” гэх амлалтыг нэг бус удаа хэлсэн ч одоо хэр нь сураггүй байгаад эмнэлгийн эмч, ажилтнууд сэтгэл гундуухан сууна. Улаанбаатар хотын төвд нийслэлийн Сүхбаатар дүүргийн XV хорооны нутаг дэвс­гэрт байрлах энэ эмнэлгийн барилгыг анх 1957 онд барьж байжээ. Гаднаас нь харсан хэнд ч арай ч дээ гэж санагдахаар төрхтэй ийм барилгад Монголын өмнөө барьдаг арьсны нөхөн сэргээх, судас, яс шилжүүлэн суулгах зэрэг хүнд мэс засал хийдэг шилдэг эмч нар ажилладаг. Эмнэлгийн ажилт­нуудтай уулзахад “Бид үнэхээр цө­хөрч байна. Улсын эмнэлэг ийм дүр төрхтэй байна гэхэд сэтгэлд багтахгүй юм. Өвчтөнүүд сайхан орчинд байвал хурдан эдгэрэх гээд орчноос шалтгаалах олон зүйл бий” хэмээж байсан.

Түлэнхийн төвийн энэхүү хоёр давхар барилга өмнө нь Хятад ажилчдын эмнэлэг байжээ. Дараа нь 1970-аад оноос 1991 он хүртэл одоогийн Гэмтэл согог судлалын үндэсний төв байрлаж байгаад шинэ байр руу нүүсэн аж.
ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТААЗ НЬ НУРСАН УЧИР ӨВЧТӨНҮҮДИЙГ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Тус эмнэлэг эрчимт эмчилгээний гурван өрөөтэй. Гэтэл сар шинийн өмнөхөн нэг өрөөнийх нь дээд тааз нь нурж унажээ. Харин эмнэлэгийн ажилтнууд нурахаас нь өмнө урьтаж өвчтөнүүдийг шилжүүлсэн гэнэ. Уг тасгийн үлдсэн хоёр өрөөнөөс өвч­төнүүдийг шилжүүлж эрчимт эмчил­гээний түр өрөөнүүд гарган хэв­түүлсэн байна. Түлэнхийн эр­чимт эм­чилгээ хийлгэхээр сэхээнд ирсэн өвчтөн хөнгөнөөсөө хүнд рүү шилждэг онцлогтой. Учир нь бусад эмнэлгийн сэхээнд ухаан санаагүй хүн ирээд хоёр, гурван хоногийн дараа сэргэдэг. Гэтэл түлэгдсэн, хөлдсөн хүн аажмаар ухаан нь балартдаг болохоор эрчимт эмчилгээний тасагт сар хүртэлх хугацаагаар эмчлүүлдэг талаар тус эмнэлгийн Клиникийн эрхлэгч О.Хишигсүрэн ярив.

Улсын төсвөөс өмнө нь урсгал засварт тодорхой төсөв өгдөг байсан ч сүүлийн жилүүдэд “Удахгүй шинэ байртай болно. Тэртээ тэргүй засвар хийгээд ч сэхэл авахааргүй болсон барилгад хий дэмий мөнгө зарлагдаад яах вэ” гэх янзтай болжээ. Мөн гурван жил засвар хийгдээгүй талаар эмч нар хэлж байв. 2009 онд дээрх Эрчимт эмчилгээний өрөөнүүдийн таазыг гипсэн хавтан­гаар хийсэн ч төдөлгүй дээврээр нь бо­роо, цасны ус нэвчин ордог аж. Өрөөнүүдэд нь хэвтэн эмч­лүүлж байсан өвчтөнүүд “Байнга ус нэвчиж байдаг юм билээ” гэж ярьж байлаа. Үнэхээр ч гэрлийнх нь эргэн тойрон шарлаж, нэвчсэн усны ором тогтчихсон, дээврийнх нь тал унасан байв. Нурсан гэх өрөө нь одоо өвчтөн хэвтэх боломжгүй болсон тул биднийг очиход цэвэрлэгээ хий­гээгүй хэвээрээ байлаа. Энэ эмнэ­лэгт эрчимт эмчилгээний тасаг анх 1996 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж байжээ. Хамгийн их түлэгдэлтэй өвчтөнүүд дээрх тасагт эмчлүүлдэг.


Эмнэлгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаар тодруулахаар нурсан тасагт хэвтэн эмчлүүлж байсан, одоогоор энэ эмнэлэгт хамгийн хүнд түлэгдэлтэй байгаа гэх Дорнод аймгаас ирсэн Э.Энхээтэй уулзсан юм.


-Та юунд түлэгдээд энэ эмнэлэгт ирэв. Таны биеийн байдал хэр байна вэ?

-Би Дорнод аймгаас ирсэн. “Цагаанхүү” гээд засварын газар ажилладаг. Автомашины банк сольж байтал гэнэт зөөврийн гэ­рэл дээрээс унаж банк гал аваад дэл­бэр­чихсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд 70 хувийн түлэгдэлтэй гэж байсан. Гэтэл энд ирсэн чинь 100 хувийн түлэгдэлтэй гээд Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн нь энэ. Анх биеийн байдал маш муу байлаа. Харин одоо гайгүй болж байна. Эмч нар нь үнэхээр чадварлаг юм билээ. Бараг үхэх гэж байсан амийг минь аварч чадлаа. Одоогоор нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа. Энд ирээд 20 хонож байна.

-Эм тариагаа хаанаас авч байна. Эмнэлгээс бүгдийг нь хан­гаж байна уу?

-Бид эм тариагаа ихэнхийг нь өөрсдөө авч байгаа. Энэ эмнэлэг ачаалал ихтэй, бас миний түлэгдэл хамгийн хүнд нь болохоор тэр бүр хэрэгтэй тарианууд нь байдаггүй юм байна лээ. Одоо бараг сая гаруй төгрөгийн эм, тариаг өөрсдөө аваад байна.

-Танай компаниас ямар нэгэн тусламж үзүүлж байна уу?

-Үзүүлж байгаа.

-Таныг эрчимт эмчилгээний тааз нь нурсан өрөөнд байсан гэсэн. Яг юу болсон юм бэ?

-Тийм ээ. Би тэнд эмчлүүлж байсан. Дээвэр дээр нь байсан цасны ч юм уу бүү мэд ус их нэвчдэг юм билээ. Дээрээс нь гипсэн тааз нь бага багаар унадаг байсан. Эмч нар “Энэ өрөө мөдгүй нурах нь өчвтөнүүдээ эндээс гаргах хэрэгтэй” гээд биднийг өөр өрөө рүү шилжүүлсэн. ОО энэ тэр нь их л хүндхэн байдаг бололтой. Миний сахиур хийж байгаа хүмүүс “ОО нь бөглөрөөд бас орчин их муутай юм” гээд байдаг.

Тэрбээр ийн ярив. Энэ эмнэлэг 15 орчим их эмчтэй. Ихэнх нь Бельги, ОХУ, Франц, БНСУ зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Тэд мэргэжилдээ гут­арсан­гүй. Харин ажиллах орчиндоо сэтгэл дундуур байгаа нь харамсалтай. Эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Бат-Оргил “Манай эмч, сувилагчдын ихэнх нь Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт оршин суудаг. Бидний цалин мөнгө 10 хоногтоо ч хүрэлцэхгүй шахам байна. Дийлэнх ажилчид маань гэр хороололд байдаг. Ядаж байхад ажлын орчин нь ийм байхад тэд маань яаж урам зоригтой ажиллах билээ. Манай шинэ байрыг Нисэхийн тийшээ барих сураг дуулдсан. Ажилчдын гэр нь холдчихвол энэ эмнэлэгт бараг ажиллах хүн олдохгүй. Эмнэлгийн барилгын зураг төслийг анх гаргачихаад хөрөнгө мөнгө их байна гээд дахиад хасаж хийсэн. Харамсалтай нь шинэ байр хүлээх бид “Бухын доодох харсан үнэг турж үхнэ” гэгчийн үлгэр болж байна” хэмээн сэтгэл дундуур ярьж байлаа. Монголдоо ганц байдаг Түлэнхийн эмнэлэг юм болохоор энэ чиглэлээр харилцан туршлага солилцохоор гадаадаас ирсэн эмч нар эмнэлгийн байр харчихаад хэлэх үгээ олж яддаг аж.

Байнгын ачаалалтай байдаг Түлэнхийн төв өвлийн улиралд бүр ч их үйлчлүүлэгчтэй болдог гэнэ. Клиникийн эрхлэгч О.Хишигсүрэн “Манай эмнэлэг 80 ортой. Гэтэл одоо түүнээс олон өвчтөнтэй байна. Нэг өрөөнд гурван хүн байх ёстой байтал 4-5 байх жишээтэй. Үхлийн ирмэгт тулсан хүмүүс ирэхэд харсаар байтал ямар буцаалтай биш. Яаж ийж байгаад өрөөнүүдэд шингээж эмчилдэг. Одоо гэхэд л эмнэлгийн хэмжээнд 126 өвчтөн байна” гэсэн юм. Түүнчлэн техник, тоног төхөөрөмжүүд нь нэлээд хуучирчээ. Бүр Хятад ажилчдын эмнэлэг гэж байх үеийн багаж хэрэгсэл байдаг аж. Улсын гэх тодотголтой хойно дарга, цэрэг, гудамжны хэнбугай нь ч гэсэн хөлдөж, түлэгдсэн нь энэ өвгөн байшинд ирнэ. Төрийн түшээд гэж байдаг л юм бол Түлэнхийн төвийг нэн даруй анхаарах цаг болжээ.

Л.Баатархүү

“Улс төрийн тойм” сонин


Like | Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Улаалзаа | Уншсан (26) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл